Home / Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

 

            Эрхэм зорилго: Говь гурвансайханы биологийн төрөл зүйл, экологийн тэнцвэрт байдал, тэдгээрийн унаган төрхийг хадгалан хамгаалж хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхэд оршино.

            Үндсэн зарчим: Эрхэм зорилгоо хангахын тулд хууль дээдлэх, шудрага ёсыг хангах, ил тод бодитой байх, хариуцлага хүлээх үндсэн зарчмуудыг баримталж ажиллаж байна.

            Байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго:

  • Байгаль орчныг хамгаалах бодлогын хэрэгжилтийг хангах
  • Биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгаль нөхөн сэргээх арга хэмжээг сайжруулах
  • Бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх
  • Байгальд сөрөг нөлөөгүй аялал жуулчлал хөгжүүлэх
  • Орон нутгийн удирдлага, ард иргэдтэй хамтран ажиллах, байгаль хамгаалал, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх

Байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл: Говийн эрс тэс уур амьсгалтай экологийн  нэн эмзэг бүс нутгийн байгаль орчны унаган төрхийг хадгалах, байгалийн баялгийн зөв зохистой ашиглалтыг сайжруулах, байгаль орчны талаар төрөөс баримтлах бодлого, Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх.

Монголын өмнөд говийн экосистемийн унаган төрх, тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль, түүх соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах” зорилгоор 1965 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Ёлын амыг дархан цаазат газар болгосноор Говийн эмзэг экосистемийг хамгаалах ажлын үндэс тавигдсан.
УИХ—ын 1993 оны 83-р тогтоолоор Говь гурвансайханы байгалийн цогцолборт газар байгуулагдаж 2000 оны 29-р тогтоолоор өргөтгөсөн. ГГБЦГ нь Өмнөговь аймгийн төв, баруун хэсэгт орших бөгөөд Гурвантэс, Сэврэй, Баяндалай, Хүрмэн, Ханхонгор, Булган гэсэн 6 сумын 10 багийн нутаг дэвсгэрийг хамарсан 2171737 га талбай бүхий нутаг дэвсгэрийг хариуцан хамгаалдаг.           

 Байгууллагын хаяг, байршил, холбоо барих утас: Өмнөговь аймаг Даланзадгад сум 8-р баг хуучнаар 90 ортын зүүн талд.

Утас 70533615   70533973

ГГБЦГ нь  гадаргын хувьд өндөр уул нурууд, уудам хоолой, хотгор хослон орших тул үнэмлэхүй өндрийн хувьд зөрүү ихтэй. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2825,6 м өндөрт өргөгдсөн Дундсайхан уулын ноён оргил- Эрдэнэцогтын овоо, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 706 м өндөртэй Ингэн хөөвөрийн хоолой  юм.

            ГГБЦГ-ын ихэнх хэсэг нь цөлийн бүсэд орших бөгөөд Говь-Алтайн бэлэрхэг уулын болон Алтайн өвөр говийн гэсэн физик газарзүйн 2 томоохон мужид харъяалагддаг ба эдгээрээс Говь Алтайн бэлэрхэг уулын мужид багтах Говь гурвансайханы уулс нь ландшафтын босоо бүсчил үүсгэж байгалийн олон янз байдлыг бий болгодог өвөрмөц газар нутаг юм.

ГГБЦГ-ын нутаг дэвсгэр дэхь уулс нь элэгдэл, эвдрэлийн үйл явцад ихээхэн өртөж цөлжилтөнд автсаны улмаас ихэнхдээ шовх хадан оргил, хяртай, эгц цавчим хажуутай, хүчтэй хэрчигдсэн, зарим газраа элгэн хадан цохио, нуранги асга чулуу ихтэй байдаг. Мөн хормойгоосоо доош хотгорын ёроол хүртэл уудам бэлүүдийг үүсгэх ба бэлийн хурдас уул нуруудыг бараг өндрийн хагас хүртэл хучсан байдаг онцлогтой.

ГГБЦГ нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамаарах ба Монголын хамгийн хуурайдуу нутгийн нэг юм.

Ургамлын аймаг: Газарзүй, уур амьсгалын эрс тэс нөлөөнөөс хамаарч Говь-Алтайн нурууны системд хамрагдах Зүүнсайхан, Дундсайхан, Баруунсайхан, Баянцагаан, Зөөлөн, Сэврэй, Нэмэгт зэрэг уулс нь өөр өөрийн өвөрмөц ургамлын аймгийг бүрдүүлдэг. Эдгээр уулсын системд оршин буй бүс, цаг уурын нөлөөнөөс шалтгаалж зүүнээс баруун тийш буюу Зүүнсайханаас Нэмэгт хүртлэх чиглэлд умардын хүйтэнсэг ургамлын эзлэх хувь эрс багасаж үгүй болдог бол мөн энэ чиглэлд Төв азийн цөлийн хуурайсаг төлөөлөгчид эрс нэмэгддэг онцлогтой.

ГГБЦГ-т 48 овогт хамаарах 164 төрлийн 350 гаруй зүйл гуурст ургамал бүртгэгдсэн нь Говь-Алтайн уулын цөлөрхөг хээрийн тойргийн ургамлын аймгийн бараг 50 орчим хувийг эзэлдэг бөгөөд энэ бүсийн ургамлын аймгийн 60 гаруй хувийг 10 томоохон овог бүрдүүлдэг.

ГГБЦГ-ын нутаг дэвсгэрт нэн ховор устаж болзошгүй 18 зүйл, завсрын унаган 48 зүйл, реликт 11 зүйл ургамал бүртгэгдсэн байна. Төв азийн унаган Потанины тулман ягаан цэцэг, цөлийн аргамжин цэцэг, хар өвсөөс  гадна хайлс, жигд, тоорой, заган ой, сухайн төгөл, зэгсэн шугуйтай бөгөөд үетэн 35 зүйл, нийлмэл цэцэгтэн 25 зүйл, саргайтан 23 зүйл, тоонолжтон 21 зүйл, буурцагтан 20 зүйл, луультан 18 зүйл, сонгинтон зүйл, уруул цэцэгтэн 8 зүйл зэрэг 10 томоохон овог бүс нутгийн ургамлын аймгийн 60 гаруй хувийг бүрэлдүүлж байдаг.

Монголын хамгийн их унаган ургамалтай тойрог нь  Говь алтайн нурууны  цөлөрхөг хээрийн тойрог бөгөөд Зүүнсайхан, Баруунсайхан, Дундсайхан, Зөөлөн, Баянцагаан, Сэврэй , Нэмэгт, Эхэн зулганай, Наран даац, Хонгорын элс зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой нутгууд хамрагддаг.  Говь Алтайн нурууны цөлөрхөг хээрийн тойргийн Гурвансайхан уулын системд хамрагдах нутгууд нь  жинхэнэ говийн төлөөлөгчдөөс бүрдэх боловч уулын гүн хавцал дундаа мөстлөгийн үеийн гаралтай Байгаль-Дагуурын элементүүдээр нэлээд баялаг.

Заган ой. Монгол орны цөл, цөлөрхөг хээрийн бүсэд тархан ургадаг заган ой бол говь нутгийн хөнгөн сийрэг бүтэцтэй элсэрхэг хөрсийг салхины элэгдлээс хамгаалахаас гадна ан амьтан, мал сүргийн тэжээлийн арвин нөөц төдийгүй тэдний амьдрах орчны аятай таатай нөхцөл болж биогеоценозыг бүрдүүлдэг байгалийн нэгэн ландшафт юм.  ГГБЦГ-ын заган ой Өмнөговь аймгийн заган ойн талбайн 47,5 хувь, нөөцийн 29,0 хувийг хамарч БЦГ-ын 19,0 хувьд нь тархсан байдаг.

 Онгийн гол Ургамал Ус шувуудАмьтны аймаг: ГГБЦГ нь бүхлээрээ Төв Азийн их цөлийн хамгийн хойд захын нэг хэсэг бөгөөд хатуу ширүүн, хуурай уур амьсгалтай, говь цөлийн нэгэн хэвийн байгальтай зэргээс хамааран амьтны аймаг нь нэг маяг, зүйлийн бүрдлээр цөөн боловч Төв азийн уугуул унаган амьтад, эртний гарал үүсэлтэй ховор, ховордсон олон зүйл амьтантайгаараа өвөрмөц онцлогтой.

ГГЦГ-т 2 зүйл шавьж идэштэн, 4 зүйл сарьсан далавчтан, 4 зүйл туулай хэлбэртэн, 26 зүйл мэрэгчин, 12 зүйл махан идэштэн, 1 зүйл туурайтан, 4 зүйл туруутан, 1 зүйл саарьтан, 100 гаруй зүйл жигүүртэн, 20 гаруй зүйл мөлхөгчид, 340 гаруй зүйл сээр нуруугүйтэн амьтад бүртгэгдсэнээс ирвэс, аргаль, янгир, хар сүүлт зээр, хулан, цөөвөр чоно, хавтгай, мазаалай, цоохондой, эрээн хүрнэ, цасны хажир бүргэд, хойлог зэрэг нэн ховор 4, ховор 11, монгол улсын улаан номонд бүртгэгдсэн 12 зүйл, ховор амьтан агнаж, худалдаалах тухай олон улсын конвенцийн I, II хавсралтанд орсон 7 зүйл хөхтөн, 2 зүйл шувуу, 3 зүйл мөлхөгч байна.

Хөхтөн.

ГГБЦГ-т 56 зүйл хөхтөн амьтад тохиолддог.   ГГБЦГ-т тохиолдож байгаа зэрлэг хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн 50 орчим хувийг мэрэгчтэн эзэлж тус газарт зонхилогч амьтан болж чаддаг. Чичүүл, алагдаага, савагдаахай, огдойн төрлийнхэн илүү зонхилно.

 Шувуу.

ГГБЦГ-т 29 овгийн 100 зүйл жигүүртэн шувууд тэмдэглэгдсэн байна.

Эдгээрээс суурин 20, нүүдлийн (өндөглөдөг) 28, дайрч өнгөрдөг 6, ирж өвөлждөг 1, тохиолдлоор үзэгддэг 3, байршил нь тодорхойгүй 2 зүйл шувуу байдаг.  Энд агнуурын 5 зүйл, Монгол улсын  Улаан номонд орсон болон Монгол улсын хуулиар агнахыг хориглосон 3, хүнтэй газар, айл, хот суурин бараадан амьдардаг синантроп зүйл 2 бий.

 Хоёр нутагтан, мөлхөгчид. Монгол орны 20 зүйл мөлхөгчдийн  14 зүйл буюу 70% нь энэ цогцолборт газрын нутаг дэвсгэрт тэмдэглэгдсэ. Энэ нутаг нь монгол орны аль ч нутгаас хамгийн олон мөлхөгчидтэй, зүйл тус бүрийн тоо харьцангуй элбэг байдгаараа онцлог юм. Төв Ази, Монголын амьтны аймгаас гаралтай мөлхөгчдийн 57% нь ГГБЦГ-т амьдардаг тул тус цогцолборт газар нь төв Азийн мөлхөгч амьтныг хамгаалахад чухал ач холбогдолтой нутаг юм.

Шавьж. ГГБЦГ нь сээр нуруугүйтэн амьтдын зүйлийн бүрэлдэхүүний хувьд хамгийн баян нутгийн нэг юм. Энд 5 ангийн 40-өөд овгийн 340 гаруй зүйлийн сээр нуруугүйтэн бүртгэгдсэн байна

 Говь нутаг нь экосистемийн хувьд эмзэг, алдралд орохдоо амархан хэдий ч хаана ч давтагдашгүй үзэсгэлэнт байгаль, ховор үнэт ургамал, дэлхийд ховордсон ан амьтан хосолсон өвөрмөц нутаг юм.

ГГБЦГ-т Говь гурвансайхан, Баянцагаан, Баянбор, Зөөлөн, Сэврэй, Гилбэнт, Нэмэгт, Бурхант  зэрэг уул, нурууд, Ёлын ам, Мухар шиврийн ам,  Дүнгэнээгийн ам, гэгээдийн ам, Дуут элс, Рашаан шар маань зэрэг үзэсгэлэнт газрууд, Зулганай, Зуун мод, Хонгорын гол, Чоно шургууль зэрэг баян бүрдүүд, эртний амьтан, ургамлын үлдэцийг хэвлийдээ хэдэн зуун сая жилээр хадгалж ирсэн Хэрмэн цав, Бөгийн хоолой, Гурилын хоолой, Нэмэгт, Гилбэнт уулын Улаан, Цагаан хонгилууд, Ухаа нуруу, Алаг тээг, Ширээгийн гашуун, Хайчин толгой, Цагаан, Ногоон зэрэг цавууд олон байна.

Ийнхүү элсэн манхан, заган шугуй, хадан хавцал, мөсөн гол, баян бүрд, эртний амьтдын чулуужсан яс, нэн ховор амьтан, ургамал бүхий энэ газар нутаг нь гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан нутаг бөгөөд Монголын аялал жуулчлалын гол бүс, замнал болж байна.