Home / Аялалын бүтээгдэхүүн

Аялалын бүтээгдэхүүн

                                                             ГОВИЙН ОНЦЛОГ ШУВУУД

1.АЛТАЙН ХОЙЛОГ- Altai’s snowcock – Tetraogallus altaicus

Таних шинж:

666969

30-40 см-ийн өндөртэй, 2,5-3 кг жинтэй. Хөх бордуу зүстэй, эрүү хоолой, шил хүзүү нь бүхэлдээ цээжээ хүртэл бор сааралдуу. Цээжний дээд хэсгээр жижиг цагаан толбуудтай.  Хошуу хар. Нүдийг тойрсон шар зураас нь холоос тод харагдана. Дух, зулайн доод хэсгээр нүднийхээ дээгүүр хүрсэн цагаан зураастай. Хүзүү, хэнхдэгийн саарал дэвсгэр дээр цагаан толбуудтай. Цээжний доод хэсгээс биеийн хоёр хажуу, сүүлний доод хэсэг нь тод цагаан өтгөн өдтэй. Холоос харахад энэ цагаан хэсэг нь биеэ дагасан нарийхан хар зураастай мэт харагддаг ч энэ нь зураас биш цагаан өднүүд нь тууш тууш биеэ дагасан нарийн ховилууд мэт хэлбэртэй. Хэвлий, шилбэний дээд бүрхүүл, сүүлний доод  өд тод хар.  Далавчны дээд бүрхүүл өднүүд гурвалжин хэлбэрийн тод цагаан толбонуудтай. Сүүл уртавтар өргөн, тахианых мэт харагддаг. Хөл хүчирхэг, бахим гурван сарвуутай, хумс хар, тарс нь маш богинохон мэдэгдэх төдий учир цасан дээрхи мөр нь гурван хуруутай харагдана.

Ихэвчлэн өвлийн улиралд бөөгнөрөн 4 заримдаа 20 орчмоор сүрэглэн өндөр уулын орой арыг даган идээшлэж цармын оройд хоноглоод өглөө нарнаар ялимгүй доошлон бэлчээрлэдэг ч  далайн түвшнээс 2500 метрээс доош буудаггүй.

Маш сонор соргог, янгир ямаатай хоршин, нэгэндээ чимээ дохио өгөн амьдардаг.

Тод чанга исгэрэх мэт, заримдаа адуу янцгаах мэт дуугардаг. Хавар ороо хөөцөөнийхөө үеэр өглөө болгон исгэрэн дуугарах нь алсаас сонсогдоно.

Ихэвчлэн орой өөд явгалан гүйж өндөр дээр гараад нөгөө талын уулсын хажуу руу бараг дэвэлгүй хүчтэй халин нисч аюулаас зайлдаг. Биеийн өнгө нь орчныхоо байгальтай гайхалтай сайн зохицдог.

Хавар 4 сарын дунд 5 сарын эх орчимд маш нууцлаг анзаарагдамгүй хад бутны дор үүрээ засч 5-12 хүртэл өндөг гарган дарж дэгдээхэйгээ өсгөдөг.

Дэлхийн хэмжээнд Гималай, Түвд, Алтайн уулсаар амьдардаг ч Алтайн нурууны хойлог нь өвөрмөц өнгө, дүр төрхтэй. Хулгайн ан, байгаль орчны доройтлоос маш цөөрч ховордож байгаа зүйл.  Монгол улсын “  Улаан ном” – нд бүртгэгдсэн.

Амьдрах орчин:

Монгол оронд Алтайн нуруу, Ховд, Завхан, Увс зэрэг аймгийн далайн төвшнөөс 2500 метрээс дээш өндөр уулсаар тархсан. Манай орны хамгийн зүүн бүс нутаг нь Нэмэгт, Сэврэй, Баян бор нуруу, Баянцагаан, Говь Гурван сайхан ууланд тархан амьдарч ирсэн ч сүүлийн жилүүдэд Баян бор нуруу, Баянцагаан, Баруун сайхан, Дунд сайхан ууланд үзэгдэхээ больсон.  Сэврэй, Зүүн сайхан уулын орчинд цөөн тоогоор сүрэглэн амьдарч байна.

Идэш тэжээл:

Өндөр уулын бүсийн хамгийн шим тэжээл, өндөр чанар бүхий ургамлын үндэс нахиа, үр жимс, сонгинолог ургамлууд ялангуяа шувуун хөл хэмээх ургамал нь хоол тэжээлийн голлох зүйл болдог. Мөн буудай мэтийн үр жимсийг иддэг.

Аюул занал:

Эмчилгээний өндөр чанартай гэх махнаасаа шалтгаалан хулгайн анд их өртдөг. Мөн Цоохор ирвэс, Тарважи болон Цармын бүргэдэд баригдан тоо толгой нь ихээхэн хорогдож байгаа ховор шувуу.

Онцлох зүйл:

Дэлхийн бусад оронд байдаггүй, маш сонор соргог, харахад хэцүү, тэр болгон хүн харж чаддаггүй шувууныхаа хувьд мэргэжлийн шувуу сонирхогчид, судлаачдын хувьд сонирхолтой шувуунд тооцогддог.

  1. ДОРНЫ ХИАЗАТ Oriental Plover – Charadrius veredus

Таних шинж:

 

Биеийн урт 22-25 см., далавчны дэлхэц 46-53см. Дунд зэргийн зэгзгэр биетэй. Эр шувуу үржлийн үедээ зулай, дагзнаас бусад толгойн хэсэг тод цагаан, цээж тод улбар шаргал, доод хэсгээр хөндлөн хар эмжээртэй үзэсгэлэнтэй шувуу.

Хошуу нарийхан уртавтар. Өөрийн нэг төрөл Зэвэн хиазтаас хошууныхаа нарийхан хэлбэрээр ялгагдана. Хөл өндөр зэгзгэр, цайвар шаргалдуу өнгөтэй.

Эм шувуу үржлийн үедээ хацар, дух, хүзүү,цээж, улбар шар, хоолой цагаан байдаг. Зулай, дагз, далавчны дээд хучилт өд, сүүлний дээд тал бор саарал. Хэвлий, сүүлний доод тал цагаан. Хушуу хар, хөл улбар шар.

Өндөр зэгзгэр хөл дээрээ маш хурдан жирэлзэн гүйж аюулаас зайлахыг хичээдэг. Нисэхээрээ тал тал тийшээ займчин маш хурдтай нисэх бөгөөд далавчны үзүүрүүд маш хурц шовх, далавчныхаа үзүүрээр өндөр давтамжтайгаар дэвж үе үе газарт шумбан ойртож, алслан хараанаас мултарч чаддаг.

Нүүдэл:

Өндөглөн зусдаг, нүүдлийн, элбэг бус тохиолдох зүйл. 4-р сарын сүүлээр ирж, 8 -р сарын сүүлээр нас гүйцсэн шувууд дэгдээхэйтэйгээ тал талаас бөөгнөн нэг бүл болж  буцдаг.

Амьдрах орчин:

Хээр, цөлөрхөг хээрийн бүсэд элсэрхэг хөрстэй, өндөр, тачир ургамалтай задгай газар амьдарна. Газар үүрээ шууд хонхойлон засч 3-4 өндөг гаргана.

Манай аймгийн уулын бэл дагасан тал хөндийгээр нилээд тархсан. Ялангуяа хамгийн ойрдоо аймгийн морь барианы талбай, Жуулчин говь компаний өмнөд тал, Булагтайн талд байдаг ч тэр бүр олж харахад хэцүү.

Идэш тэжээл:

Үет хөлтөн, шавж, авгалдайгаар хооллоно. Идэш тэжээлээ хайж үргэлж гүйж явдаг.

Онцлох зүйл:

Баруун Европ, Японы жуулчид өнгө зүс, амьдрах хэвшлийг нь ихээхэн сонирхдог.

  1. ИДЛЭГ ШОНХОР – Saker Falcon – Falko cherrug

Таних шинж:

Биеийн урт 47-55 см, далавчны дэлхэц 105-129 см урт. Манайд байдаг шонхоруудаас том биетэй зүйл. Бие ерөнхийдөө бор шаргал зүстэй. Нуруу бор хүрэн, хучуур өднүүд хөндлөн цайвар судал ихтэй. Хэвлий хэсэг цайвар, бор толбо босоо бидэр ихтэй. Бие гүйцсэн шувууны хушууны зэтэр, хөл шар, харин залуу шувууных хөх саарал байна.

бйыөыбйөйбөГавшгай хур
дан хөдөлгөөнтэй, эрмэг зоригтой шувуу. Аливаа шувууд, жижиг амьтдыг хөдөлгөөн дунд нь гэнэт дайран барьдаг.

Нүүдэл:

Суурин, ховор  шувуу. Залуу шувууд нүүдэллэнэ.

Амьдрах орчин:

Манай  орны уулын хээр, ойт хээр, хээр, говь цөл, өндөр уулсаар өргөн тархсан. Мод, хадны нөмөр, гүүр, цахилгааны шон, өндөр хүчдэлийн багана дээр зассан бусад шувууны үүрийг ашиглана. 3-6 өндөг гаргана. Говьд нилээд тархмал ч Говь гурван сайхан уул, Галбын говьд өндөглөж үрждэг.

Идэш тэжээл:

Жижиг мэрэгчид, жижиг шувуугаар хооллоно.

Онцлох зүйл:

Монгол орны “ Бахархалт шувуу ”- гаар 2012 онд батлагдсан. Аль ч орны жуулчид сонирхдог.

  1. КОЗЛОВЫН ХАЙРУУЛДАЙ – Mongolian Accentor – Prunella kozlowi

 Таних шинж:

Биеийн урт 13-15 см. Толгой, хүзүү, нарийн биеийн хажуу, хондлой бүхэлдээ хүрэн бор. Эрүү, хоолой хүрэн. Нүднээс урагш хушуу хүртэлх хэсэг, хацар бараан. Цээж, хэвлий цайвар. Хушуу хар, нүд хүрэн бор, шилбэ ягаан өнгөтэй.

Статус нүүдэл:

Суурин ховор шувуу.

Амьдрах орчин:

Манай орны өмнөд хэсгийн өндөр уулсын бэлээр ургасан бут, сөөгтэй газар үүрээ засч 4-5 өндөг гаргана. Манай аймгийн хувьд Гурван сайхан уулын Зүүн, Дунд сайхан уулуудад ихэвчлэн арцны бут бараадан амьдарч арцан дунд өндөглөдөг. Далайн түвшнээс харьцангуй өндөрт ихэвчлэн 2300 метрээс дээш өндөрт тааралддаг.

Идэш тэжээл:

Шавж, аалз, өт хорхойгоор хооллоно.

Онцлох зүйл:

Өнгө зүс нь хурц тод биш, анхаарал татмааргүй ч ховор зүйл шувуу. Монгол улсын Улаан ном- д бүртгэгдсэн.

  1. НОГТРУУ – Pallas Sand grouses- Syrrhaptes paradoxus

 Таних шинж:

Биеийн урт 27-41 см, далавчны дэлхэц 63-78 см урт. Биеийн ерөнхий зүс бор шаргал. Эм шувууны толгой шар, эр шувууны  толгой, хүзүү, чихний ар, нүд тойрсон хэсэг газар улбар шар. Хүзүү, дагзны хэсэг хөх саарал. Биеийн бүрхүүл өднүүд дээрээ хар толбуудтай. Хэвлийдээ хөндлөн хар бүслүүртэй. Гэдсээрээ том, тод хар толботой. Сүүлний үзүүртээ урт утас мэт өдтэй. Хөл нь богинохон, сарвуугүй, тэмээний тавхай мэт хавтгай ултай, хумс нь маш богинохон. Мөр нь хулгана явсан мэт харагдана.

Статус нүүдэл:

Суурин шувуу, түгээмэл тохиолдоно. Хэдэн зуугаараа, зарим үед хэдэн мянгаараа сүрэглэн ниснэ. Зундаа хосоороо салж хавар намар өвөлд бөөн бөөнөөрөө сүрэглэн амьдардаг.

Амьдрах орчин:

Манай орны говь, заримдаа цөл, тэдгээртэй хил залгаа хээрийн бүсээр элбэг тохиолдоно. Газар хонхойлон 2-3 өндөг гаргана.

Идэш тэжээл:

Шавж, ургамлын үрээр хооллоно. Говийн томоохон бутлаг ургамал Цулхирын үрэнд маш дуртай. Намар болц нь гүйцсэн цулхирын бутан дундуур далавчаа дэрвэн гүйж болсон үрийг унагалаад эргэн түүж иддэг. Говь цөлд амьдардаг ч маш усархаг шувуу. Зуны халуун өдрүүдэд 30 км хүртэл түүнээс ч холоос усанд ирдэг. Усыг залгилан ууж зарим үед цээжнийхээ өдөнд усыг шингээгээд   дэгдээхэйдээ хүргэдэг гэдэг.

Онцлох зүйл:

Маш хурдтай нисэхэд зохилдсон хурц нарийхан далавч нь их хүчирхэг. Аль орны жуулчид сонирхдог.

  1. НӨМРӨГ ТАС – Cineoreus Vulture – Aegypius monachus

Таних шинж:

Биеийн урт 1-1,2 м. Далавчны урт 715-875мм. Биеийн жин 7,5-12,0 кг. Биеийн ерөнхий зүс хар хүрэн, заримдаа хар. Дэвүүр өдүүд тод хар.толгой цайвар хүрэн, богино тачир цагаан сөдөөр бүрхэгдсэн тул нүцгэн мэт харагдана. Нүд хурц, хүрэн өнгөтэй. Хушуу шаравтар туяатай бараан саарал, зэтэр ба хүзүүний нүцгэн арьс цайвар цэнхэр, хөлийн хуруу урт, бадриун, шилбэ шаргал, хумс урт, хар.

Статус нүүдэл:

Тас шувууны хувьд монгол орон амьдрах хамгийн таатай оронд тооцогддог. Зарим үед Солонгос, Япон хүртэл нүүдэллэн явдаг ч ихэнх нь монгол орондоо амьдардаг.

 

Амьдрах орчин:

Говь цөл, цөлөрхөг хээрийн уулсын эгц цавчим хад чулуу, хайлаасан дээр үүрээ засна. Маш том үүр засч улаавтар шаргал дэвсгэр дээр хүрэн цоохор толботой 1-2 өндөг гаргадаг. Эх тас өндгөө 50-55 хоног дарж ангаахайлуулна.

Манай аймгийн нийт нутгаар маш их тархсан махчин шувуу.

Идэш тэжээл:

Том хөхтөн амьтдын үхсэн сэг зэмээр хооллодог тул байгалийн цэвэрлэгч амьтдын нэг юм. Өөрөө амьтан барих нь маш ховор, бусдын барьсан ан, малын сэг зэмээр хооллодог.

Нэг идэхдээ маш ихээр бүтэн кг махыг том томоор нь тэр чигээр нь залгисан байдаг. Бүтэн адууг 20- 30 тас ганц өдрийн дотор идсэн байдаг.

  1. ООЧ ЁЛ – Lammergier – Gypaetus barbatus

Таних шинж:

Биеийн урт 94-125 см, далавчны дэлхэц 231-238 см урт.Сүүл урт, зэв хэлбэртэй. Далавч урт нарийн үзүүр рүүгээ нарийссан шовх хэлбэртэй. Бие гүйцсэн шувууны нуруу хөх саарал. Толгой, хэвлий цайвар шаргал. Ихэнх бие гүйцсэн шувуудын хэвлий энгэр нь маш тод улбар шар өнгөтэй. Нүдийг тойрсон хар зураас хушууны уг хүртэл үргэлжилнэ. Хошуун дороо урт ооч сахалтай. Залуу шувууд бүхэлдээ бараан өнгөтэй. Ёлыг урт шовх үзүүртэй далавч, сүүлний зэв мэт хэлбэрээр нь бусад махчин шувуудаас амархан ялган таньж болно.

Статус нүүдэл:

Өндөр уулын суурин шувуу. Монгол орон нь Ооч ёлыг ажиглахад хамгийн тохиромжтой нутагт тооцогддог. Манай орны ихэнх өндөр уулсаар тархсан ч говьд ялангуяа манай аймгийн Гурвансайхан ууланд харьцангуй олноор нь харах боломжтой. Нүүдэллэдгүй суурин шувуу.

Амьдрах орчин:

Монгол Алтай,  монгол орны өндөр уулын бүсэд амьдардаг суурин шувуу. Нэмэгт, сэврэй, баянбор, нуруу, ноён, гурвансайхан зэрэг уулсаар тааралдана. Эгц цавчим хадтай газар үүрээ засч , 1-2 өндөг гаргана.

Идэш тэжээл:

Сэг зэм, ясаар хооллоно. Бог малын хавирганы ёс, чөмгийг бүтэн бүтнээр нь залгин иддэг. Бод малын чөмөгний ясыг өндрөөс хадан дээр унагаан хагалж иднэ.

Онцлох зүйл:

Монгол орны хамгийн том шувуудын нэг. Монгол улсын Улаан ном д бүртгэгдсэн.

8.ХАХИЛАГ ЯТУУ  – Chukar – Alectoris chukar

Таних шинж:

Зовхи, хөл, хошуу улаан өнгөтэй байдгаас гадна духнаас нүдийг дайран шанааны дагуу цээж рүү дугуйран доошилсон хар зурвас нь гүеэн дээр нийлж хар хүзүүвч үүсгэнэ. Дагз шилэн хүзүү, нуруу улбар саарал, сүүл, бүрхэвч өдний өнгө саарал, сүүлний залуур өд улаан шаргал байна. Улбар шар биеийн хажуу дээгүүр тууш хар хүрэн өргөн судлуудтай.

Статус нүүдэл:

Говийн уулархаг бүс нутгаар өргөн тархсан суурин шувуу. Зуны улиралд хосоороо амьдарч өвөл 20- 30- аараа сүрэглэн амьдардаг.

Амьдрах орчин:

Говь хээрийн бутлаг ургамалтай хад, чулуурхаг газраар амьдарна. Сүрэглэн амьдарна. Үүрэндээ 5-р сарын дунджаар 8-16 өндөг гаргана. Бүдэгхэн хүрэн толбуудтай цагаан өндгөө хорь гаруй хоног дарах ажилд эмэгчин хахилагт эрэгчин нь бас туслалцана. Дэгдээхэй нь маш хурдан томрох бөгөөд олноороо эхийгээ даган гүйж, аюул тохиолдоход маш хурдан хяран нуугддаг. Маш хурдан явгалан гүйх бөгөөд газрын өөд гүйж өндөрт гараад эргэн нисч алсын уулын энгэрт буугаад цааш явгалан гүйсээр өндөрт гардаг. Хад чулууны өнгөтэй маш сайн нуугдах чадвартай.

Идэш тэжээл:

Уулын бэл, сайр судаг, хөндийгөөр бэлчээрлэж үетэн ургамал, ургамлын үндэс, үр жимс, царцаа дэвхрэг зэрэг шавж, хатуу далавчтанаар хооллох нь бий. Өвлийн улиралд малчин айлын гадуур ирж малын тэжээлийн үлдэгдлээр хооллодог.

Онцлох зүйл:

Социализмын үед олноор нь агнан экспортод гаргаж байсан агнуурын шувуу ч сүүлийн жилүүдэд агнахаа больсоноос тоо толгой нь өсч байгаа ч шонхор, бүргэд, үнэг, ирвэс зэрэг махчин амьтдын хоол болдог.

Өвөрмөц содон өнгө төрхтэй.

  1. ХЭРМИЙН БЯЛЗУУХАЙ – Wall Creeper- Tichodroma muraria

Таних шинж:

Биеийн урт 15-17 см. Өргөн, үзүүрээрээ сарвагар хэлбэртэй далавчтай. Урт нарийн хушуу нь хадны завсраас хоол тэжээлээ сугалан авч идэхэд зохилдсон. Толгой, нуруу, хондлой, хэвлий үнсэн саарал. Ар нуруун дээгүүрээ тод цагаан цайвар. Эр шувууны шанаа, хоолой, гүеэ хар байхад эмийнх нь цайвар цагаан байдаг. Далавч улаан ба хар саарал хосолсон өнгөтэй. 1-р дэвүүр өднүүд дээр бөөрөнхий цагаан толбуудтай. Хушуу нарийн, доошоо махирдуу. Хөлийн хумс нь маш урт ялангуяа хойт сарвуу хойшоо маш урт байдаг нь ханан хаданд авиран явахад нэн зохицсон байдаг. Нисч байгаа нь эрвээхэй мэт харагддаг үзэсгэлэнтэй ховор шувуу.

Статус нүүдэл:

Суурин шувуу.

Амьдрах орчин:

Өндөр уулархаг газар байц,элгэн хад асгатай газар амьдарна. Хадны нүх, ан цавд үүрээ засч 4 өндөг гаргана. Элгэн хад даган хооллодог ч ихэнхдээ хадны сүүдэр, чийглэг орчин бараадан явдаг.

Манай Зүүн сайхан уулын Ёлын ам, Дүнгэнээ, Мухар шивэртэд маш цөөн тоотой амьдрах бөгөөд сүүлийн жилүүдэд тоо толгой нь нэн цөөрсөн ховор зүйл шувуу.

Идэш тэжээл

Шавж, аалз, дэнгийн эрвээхэйгээр хооллоно.

  1. УЛАН ЖОРОО – Mongolian Ground Jay – Podoces hendersoni

Таних шинж:

Говийн шаазгай хэмээн нэрлэгддэг. Зулай сүүлний үзүүр, далавчны ирмэг нь хар, хар ногоон өнгөтэй, цагаан судалтай, урт, доошоо махийсан хошуутай, магнай хэсэгт хар судалтай, биеийн өнгө нь шаргалдуу бор, хошуу нь бахим хар, хөл нь мөн адил хар өнгөтэй. Биеийн урт нь 26-28 см..

Хушууны үзүүр доошоо үл ялиг махир бөгөөд газар онгилон ухахад зохицсон байдаг. Бут дамжин маш хурдан явгалан гүйх бөгөөд ихэнхдээ хосоороо амьдардаг. Сэргэлэн соргог шувуу. Цангинасан чанга исгэрэх мэт дуу гаргадаг.

Статус нүүдэл:

Суурин шувуу.

Амьдрах орчин:

Уул толгодын бэл, томоохон заг, бут  ихэвчлэн бүйлс бүхий газрыг амьдрах орчноо болгодог.

Идэш тэжээл:

Жижиг гүрвэл, голио, царцаа, бүйлсний хонхорцгоор хооллодог. Өвөл идэш тэжээл ховордохоор айл бараадан ирж мал идэшний өвдөл, цөвдөлөөр хооллоно.

Онцлох зүйл:

Говьчууд Хулан жороог ухаантай, мэргэн шувуу гэдэг. Айлын гадуур явахдаа гаднаас хүн ирэхэд маш чангаар цангинан дуугарах бөгөөд үүнийг хүмүүс хүн ирлээ гэж, хүн ирэхийг мэддэг ухаантай шувуу гэцгээдэг.

Зун бүйлсний хонхорцог боловсорсон хойно олноор нь түүн авч энд тэнд нүх ухан булж нөөцөлдөг. Хавар цасны чийгээр бүйлсний хонхорцогны гадуур хатуу хальс чийг авч хагаран доторхи үр нь гарах үед нөөцөлсөн үрнүүдээ олж түүн иддэг. Мэдээж зарим үрийг бүрэн олдоггүйгээс үлдсэн үр нь ургах бөгөөд үүнийг нь малчид Бүйлс тарьдаг сайн шувуу хэмээн үнэлэн үзэх нь бий.

Монгол улсын Улаан ном– д бүртгэгдсэн ховор шувуу. Өвөрмонгол, Казакстанд амьдардаг ч манай говийн Хулан жороо нь илүү содон гоё өнгө зүстэй.

 ЗАГИЙН БОР ШУВУУ– Saxaul Sparrow – Passer ammodendri

Таних шинж:

Биеийн урт 14-16 см. Эр, эм шувуу өнгө зүсийн хувьд бага зэрэг ялгаатай. Эр шувууны толгойн оройг дагасан өргөн хар судалтай, хушууны ар, нүдний урд хэсэг, хоолой  хар. Толгойн оройн хар судлалын хоёр хажуу улбар шаргал. Эмийн толгой, шанаа бор саарал. Цээж цайвар шаргал, хэвлий, биеийн хажуу цайвар. Хушуу бахим, хар. Хөл бор хүрэн.

Статус нүүдэл:

Суурин, ховор шувуу.

Амьдрах орчин:

Говь цөлийн бүсэд өндөр,  том заган ойтой газар амьдарна. Үүрээ заг, хуурай сайрын эргийн нүх, хааяа заган ойтой ойр малын хашааны ан цавд засч 4-6 өндөг гаргана.  Ханбогдын Галбын говь, Сэврэй сумын Хонгорын элсний орчимд бөөнөөрөө сүрэглэн амьдардаг ч олж харахад амар биш соргог шувуу.

Идэш тэжээл:

Төрөл бүрийн шавжаар хооллоно. Нилээд усархаг шувуу учир говийн баян бүрд, задгай усны орчин дахь заган ойд тааралдах магадлал өндөр.

Онцлох зүйл:

Говь цөлийн голлох төлөөлөл шувууны хувьд жуулчдын үзэх сонирхолтой шувуудын нэг.