Home / Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр

Нэг. Нийтлэг үндэслэл

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод “Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх”, “Жуулчин тээвэрлэх болон жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх”, “Аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж байгуулан, аяллын төрлүүдийг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх”, “Монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх”, “Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх” зэрэг зорилтыг дэвшүүлсэн.

Мөн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн төрлүүдээр төрөлжүүлэн хөгжүүлэх”, “Аялал жуулчлалын дэд бүтэц, барилга, байгууламжийг тухайн нутгийн онцлог, нөөцөд тулгуурлан хөгжүүлэх”, “Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтарсан хөрөнгө оруулалтыг дэмжих”, “Аймаг, бүс нутгийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын хөтөлбөр хөгжүүлэх” гэж тус тус заасан.

Иймд аялал жуулчлалын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл баримтлалд нийцүүлэн, дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын санал дүгнэлт, олон улсын сайн туршлагад тулгуурлан “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг (цаашид “Хөтөлбөр” гэх) боловсруулсан болно.

1. Олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага

Дэлхий дахинд 2014 оны байдлаар нийт 1,1 тэрбум хүн аялан жуулчилж, нийт ажил эрхэлж байгаа 11 хүн тутмын 1 нь уг салбарт ажиллаж байна. Аялал жуулчлал нь өсөлтийн хурдаараа санхүүгийн үйлчилгээ, бөөний худалдаа, тээвэр зэрэг олон салбаруудаас хол түрүүллээ.

Аялал жуулчлалыг нэгдсэн төлөвлөлт, сайн менежментийн үндсэн дээр хөгжүүлж чадвал тухайн орны эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байр бий болгодог, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөдөг салбар юм.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан “Аялал жуулчлал-2020 он” судалгаанаас үзэхэд ХХI зуунд аялал жуулчлалын дараах төрлүүд эрчимтэй хөгжиж байна:

• Адал явдалт аялал жуулчлал;
• Эко аялал жуулчлал;
• Тусгай сонирхлын аялал жуулчлал;
• Тойрон аялал;
• Соёл-танин мэдэхүйн аялал жуулчлал;

• Хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн, яармагийн аялал жуулчлал
• Эрүүл мэндийн аялал жуулчлал.

Дэлхий даяар 2020 онд аялах жуулчдын тоо 1995 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэж 1,6 тэрбумд хүрэх бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт аялах жуулчдын тоо дэлхийн бусад бүсүүдээс илүү хурдацтай нэмэгдэхийг НҮБ-ын Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар тогтоожээ.

2. Монгол Улсын аялал жуулчлалын хөгжлийн хандлага

Манай улсын аялал жуучлалын салбар албан ёсоор 1954 онд үүсэн жар гаруй жилийн түүхтэй салбар бөгөөд анх төрийн өмчит “Жуулчин” компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол өдгөө уг салбарт 600 гаруй тур оператор компани, 370 зочид буудал, 300 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа  явуулж, нийт 50 мянга гаруй хүн тус салбарт ажиллаж байна.

2014 оны байдлаар аялал жуулчлалын салбарын орлого 504 тэрбум төгрөгт хүрч,  дотоодын нийт бүтээгдэхүүний 3,2 хувьтай тэнцэж, жилд дунджаар             400 мянга орчим жуулчин хүлээн авч байна. Манай улсын аялал жуулчлалын хөгжлийн давуу болоод сул талыг дараах байдлаар үнэлж байна:

Хөгжлийн давуу талууд:

• Нүүдэлчдийн хосгүй ёс заншил, уламжлал, түүх соёлын давтагдашгүй үнэт өв, унаган төрхөө харьцангуй сайн хадгалж үлдсэн үзэсгэлэнт газар нутаг;
• Дэлхийд алдар цуугаа дуурсгасан их эзэн Чингис хаан, түүний өв залгамжлагчдын үлдээсэн түүхийн өв;
• Монголчуудын зочломтгой, найрсаг зан чанар.

Хөгжлийн сул талууд:

• Аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, үнэ өндөр, өөр хоорондоо ялгаа багатай;
• Дэд бүтэц муу, жуулчин тээвэрлэх, хүлээн авах хүчин чадал бага;
• Монгол орны эрс тэс цаг уурын байдал;
• Мэргэжлийн ажиллах хүчин дутмаг, аялал жуулчлалын салбарын сургалт, судалгааны чанар хангалтгүй;
• Жуулчдын статистик бүртгэл хөтлөх, судалгаа хийх тогтолцоо сул, мэдээллийн нэгдсэн сан байхгүй;
• Жуулчдыг татахад чиглэсэн маркетинг, гадаад сурталчилгааны ажил хангалтгүй;
• Үйлчилгээний стандарт, аюулгүй байдал хангагдаагүй.

Монгол Улсын хувьд цаашид аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангаж, хөтөлбөрийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэн, Ази, Номхон далайн орнуудыг зорьж байгаа жуулчдын урсгалыг татсанаар 2025 он гэхэд жуулчдын тоог 2 саяд, Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс гаргасан аялал жуучлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 99 дүгээр байрнаас 85 дугаар байранд хүргэх боломжтой.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, баримтлах зарчим

2.1. Хөтөлбөрийн зорилго

Аялал жуулчлалын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийг ханган тус салбарын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлнэ:

2.2.1. аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулж, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх;

2.2.2. аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, нутгийн иргэд болон тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх;

2.2.3. аялал жуулчлалын салбарын судалгаа, мэдээллийн системийг хөгжүүлэх, жуулчдад зориулсан мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;

2.2.4. аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн хөгжлийг хангах;

2.2.5. аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагаа, маркетинг сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх;

2.2.6. дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх.

2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална:

2.3.1. үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөр буюу үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн хөгжлийн бодлоготой нийцсэн байх;

2.3.2. аялал жуулчлалын үйл ажиллагааг Монгол орны байгалийн унаган төрхийг хадгалах, орчны бохирдлыг багасгах, экологийн тэнцвэрт байдал, хүний эрүүл, аюулгүй орчинд аялах нөхцөлийг хангах, орон нутгийн иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар зохион байгуулах;

2.3.3. төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлах, иргэд, олон нийтийн оролцоог дэмжих, салбар дундын болон төв, орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны уялдааг хангах;

2.3.4. аялал жуулчлалын салбарт дэвшилтэт техник, технологи, тэргүүн туршлагыг ашиглах.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

3.1. Хөтөлбөрийг 2016-2025 оны хооронд дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

3.1.1. I үе  шат – эрчимтэй хөгжлийн үе 2016-2020 он
3.1.2. II үе шат – тогтвортой хөгжлийн үе 2021-2025 он

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ

4.1. Энэ хөтөлбөрийн 2.2.1-д заасан аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулж, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.1. жуулчин тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын байгууллагуудын үйл ажиллагааг тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулж, үнэ тарифын зохистой бодлого баримтлах, дамжин өнгөрөх аяллын бүтээгдэхүүний хөгжлийг дэмжих;

4.1.2. Монгол Улсад нэвтрэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хялбарчлах, голлох зах зээлийн орнуудын жуулчдын визийг хөнгөвчлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх;

4.1.3. жуулчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, аялал жуулчлалын гол чиглэлд зам дагуу түр буудаллах цэгүүд, боловсон ариун цэврийн байгууламжийг шат дараатай барьж байгуулах;

4.1.4. аялал жуулчлалын салбарт мэдээлэл, холбооны технологийг өргөнөөр оновчтой нэвтрүүлэх;

4.1.5. жуулчдын зорин очих дуртай газруудын төлөвлөлт, менежментийг сайжруулах, дэд бүтцийн асуудлыг байгаль орчинд ээлтэй технологиор шийдвэрлэх.

4.2. Энэ хөтөлбөрийн 2.2.2-т заасан аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, нутгийн иргэд болон тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.2.1. аялал жуулчлалыг Монгол орны байгаль, түүх, соёлын үнэт өв, нүүдэлчин ахуй, уламжлалт зан заншлыг тусгасан өөр өөрийн онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаатайгаар бүсчлэн хөгжүүлэх;

4.2.2. аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжиж, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг тухайн бүс нутгийн онцлогт тулгуурлан бий болгох;

4.2.3. соёлын өв, түүх, соёлын дурсгалт газарт суурилсан соёлын аялал жуулчлалын шинэ үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх;

4.2.4. хөдөө аж ахуйн уламжлалт өв соёл, газар нутагт суурилсан      агро-аялал жуулчлалыг хөгжүүлэх;

4.2.5. зочид буудал, жуулчны бааз, үйлчилгээний байгууллагуудад зэрэглэл тогтоох стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох;

4.2.6. хил дамнасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, аяллын замналыг хөрш орнуудтай хамтран бий болгоход дэмжлэг үзүүлэх;

4.2.7. аялал жуулчлалын бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж, улирлын хамаарлыг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх.

4.3. Энэ хөтөлбөрийн 2.2.3-т заасан аялал жуулчлалын салбарын судалгаа, мэдээллийн системийг хөгжүүлэх, жуулчдад зориулсан мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.3.1. аялал жуулчлалын мэдээллийн сүлжээг хөгжүүлж, салбарын мэдээллийн нэгдсэн санг бий болгох;

4.3.2. аялал жуулчлалын статистик мэдээллийг олон улсын аргачлалын дагуу боловсруулах;

4.3.3. жуулчдад зориулсан мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;

4.3.4. аялал жуулчлал байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг судалж, судалгааг тогтмолжуулах.

4.4. Энэ хөтөлбөрийн 2.2.4-т заасан аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн хөгжлийг хангах зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.4.1. аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн эрэлтэд нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх;

4.4.2. хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, дадлагажуулах, чадавхжуулах ажлыг зохион байгуулах;

4.4.3. аялал жуулчлалын салбарын хөтөч-тайлбарлагч болон зочлох үйлчилгээний сургагч багш, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж, тэдгээрийг хамруулах.

4.5. Энэ хөтөлбөрийн 2.2.5-д заасан аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагаа, маркетинг сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.5.1. гадаад орнууд болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх;

4.5.2. Монгол Улсыг гадаад орнуудад сурталчлах ажлыг нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулах.

4.6. Энэ хөтөлбөрийн 2.2.6-д заасан дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.6.1. дотоодын аялал жуулчлалын байгууллагуудын үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

4.6.2. тусгай хамгаалалттай болон соёлын өвийн бүс нутгуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх;

4.6.3. иргэдийн зүй зохистой аялах соёл, дадлыг төлөвшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах.

Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт

5.1. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, салбар хоорондын зохицуулалт хийх, үйл ажиллагааны хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллана.

5.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд удирдан зохион байгуулах, зохицуулах үүргийг тухайн шатны Засаг дарга хариуцна.

5.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

5.3.1. улсын болон орон нутгийн төсөв;
5.3.2. байгууллага, иргэдийн хандив, тусламж;
5.3.3. олон улсын байгууллагын тусламж болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт.

Зургаа. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

6.1.1. аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулж, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:

6.1.1.1. аялал жуулчлалын гол чиглэлийн зам дагуу түр буудаллах болон боловсон ариун цэврийн байгууламж, хогийн цэгүүдийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нийт  50 байршилд байгуулсан байна;

6.1.1.2. жуулчин тээвэрлэх, хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсад ирэх жуулчдын тоог 2 саяд хүргэнэ;

6.1.1.3. байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн байгууллагуудад ногоон гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж нэвтрүүлсэн байна.

6.1.2. аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, нутгийн иргэд болон тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг боловсронгуй болгох зорилтын хүрээнд:

6.1.2.1. хил дамнасан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, замналыг бий болгосон байна;

6.1.2.2. аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулахад чиглэсэн 5 төрлийн бүтээгдэхүүн, арга хэмжээг шинээр бий болгосон байна.

6.1.3. аялал жуулчлалын салбарын судалгаа, мэдээллийн системийг хөгжүүлэх, жуулчдад зориулсан мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:

6.1.3.1. аялал жуулчлалын мэдээллийн сүлжээг хөгжүүлж, салбарын мэдээллийн нэгдсэн сан бий болсон байна;

6.1.3.2. аялал жуулчлалын салбарын статистик мэдээлэл боловсронгуй болсон байна.

6.1.4. аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн хөгжлийг хангах зорилтын хүрээнд:

6.1.4.1. аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн эрэлтэд нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, олон улсын түвшинд хүргэсэн байна;

6.1.4.2. аялал жуулчлалын хөтөч-тайлбарлагч, үйлчилгээний ажилтнуудын ур чадварыг үндэслэн зэрэглэл тогтоон, гэрчилгээ олгох үйл ажиллагааг нэвтрүүлсэн байна;

6.1.4.3. хүний нөөцийг бэлтгэж, давтан сургах, чадавхжуулах ажлыг зохион байгуулсан байна.

6.1.5. аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагаа, маркетинг сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд:

6.1.5.1. дэлхийн аялал жуулчлалын байгууллага болон олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, нийт 5 төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн байна;

6.1.5.2. Монгол Улсыг гадаад улс, орнуудад сурталчлах нэгдсэн төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлсэн байна.

6.1.6. дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд:

6.1.6.1. тусгай хамгаалалттай болон соёлын өвийн бүс нутгуудын аялал жуулчлалын нэгдсэн менежментийн төлөвлөгөөг баталж хэрэгжүүлсэн байна;

6.1.6.2. дотоод, гадаадын  жуулчдад зориулсан нийт 6 төрлийн мэдээллийн төвүүдийг байгуулсан байна;

6.1.6.3. аялал жуулчлалын салбарт мөрдөж байгаа стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, хяналтын механизмыг сайжруулсан байна;

6.1.6.4. иргэдийн аялал жуулчлалын талаарх мэдлэг, боловсролыг нэмэгдүүлж, зөв зохистой аялах дадал, соёлыг нэвтрүүлсэн байна.

6.2. Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр хэмжинэ:

6.2.1. шинээр бий болсон бүтээн байгуулалт, байгууламжийн тоо;
6.2.2. хөтөлбөрийн хугацаанд Монгол Улсад ирсэн жуулчны тоо;
6.2.3. шинээр нэвтрүүлсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ;

6.2.4. сургалтад хамрагдсан аялал жуулчлалын салбарын мэргэжилтний тоо;

6.2.5. аялал жуучлалын салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн тоо.

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зорилт, үйл ажиллагааны үр дүнгээр нь үнэлнэ.

7.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаа тус бүрээр аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

7.3. Хөтөлбөрийн хэрэгжилтэд аялал жуучлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

7.4. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын үнэлгээ, тайланг дараа оны I улиралд багтаан Засгийн газарт тайлагнана.