Home / Хил орчмын аялал жуулчлал

Хил орчмын аялал жуулчлал

burmaaa

    Энэхүү хил орчмын нутагт зорчих үнэмлэхээр зөвхөн хилийн боомттой Гурван тэс сум, Ханбогд сумын нутаг дэвсгэрт 1-30 хоног аялах эрхтэй юм.

 

 

ГУРВАНТЭС СУМЫН 9 ГАЙХАМШИГ

Copy (2) of Picture 086 daws DSC_0422 DSCN1341 hanin hets hhh nemegt sharga zulganai

ХАНБОГД СУМЫН 9 ГАЙХАМШИГ

1112 001

9 нарийн

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

                                                          2013 оны 12 сарын 26 өдөр                                                           

ХИЛИЙН БООМТЫН ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

   1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Хилийн боомтын тухай хууль тогтоомж

2.1.Хилийн боомтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Монгол Улсын хилийн тухай[2], Гаалийн тухай[3], Төрийн хяналт шалгалтын тухай хууль[4], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

            3.1.Энэ хуулиар хилийн боомт /цаашид “боомт” гэх/-ыг нээх, хаах, шинээр байгуулах, түүний удирдлага, хяналт шалгалтын болон аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, боомтын дэд бүтцийг хөгжүүлэх, боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагын үйл ажиллагааг уялдуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Боомтын хяналт шалгалтын бүсэд аюулгүй байдлыг хангаж, дэг журам сахиулахтай холбогдсон харилцааг энэ хууль болон Монгол Улсын хилийн тухай хууль тогтоомжоор зохицуулна.

3.3.Боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх, гаалийн болон бусад  татвар ногдуулах, хураах, төлөхтэй холбогдсон харилцааг энэ хууль, Гаалийн тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай[5] хуулиар зохицуулна.

3.4.Боомтоор мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх үед мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг энэ хууль болон Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай[6], Хүнсний тухай[7], Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай[8], Ариун цэврийн тухай[9], Эрүүл мэндийн тухай[10], Ургамал хамгааллын тухай[11], Химийн хорт болон аюултай бодисын тухай[12], Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай[13] хуулиар зохицуулна.

            3.5.Боомтоор нэвтрэх зорчигчид Монгол Улсын виз олгохтой холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай  хуулиар[14] зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

              4.1.1.“боомт” гэж зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх зориулалттай, тусгай журмаар зохицуулагддаг нутаг дэвсгэрийг;

4.1.2.“боомтын бүс” гэж төрөөс боомтын хэрэгцээнд эзэмшүүлэхээр олгосон тусгай хэрэгцээний газрыг;

         4.1.3.“олон улсын боомт” гэж Монгол Улсын олон улсын гэрээний дагуу иргэний харьяаллыг үл харгалзан зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг;

         4.1.4.“хоёр талын боомт” гэж хөрш оронтой боомтын асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу Монгол Улсын болон хөрш орны иргэн, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг;

         4.1.5.“байнгын ажиллагаатай боомт” гэж Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар тогтоосон цагийн хуваарийн дагуу байнга ажиллах боомтыг;

              4.1.6.“түр ажиллагаатай боомт” гэж боомтын асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар түр хугацаанд ажиллах боомтыг;

              4.1.7.“хяналт шалгалтын бүс” гэж боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллага хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах   зориулалтаар тусгайлан тоноглосон газрыг;

4.1.8.“зорчигч” гэж улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиг бүхий, боомтоор нэвтэрч байгаа Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг;

4.1.9.“боомтын хяналтын байгууллага” гэж боомтод зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бүртгэх, хяналт шалгалт явуулах, улсын хилээр нэвтрүүлэх эрх бүхий иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, гааль, хорио цээрийн хяналтын байгууллагыг;

4.1.10.“боомтын аюулгүй байдлыг хангах байгууллага” гэж боомтын аюулгүй байдлыг хангах, боомтод мөрдөх журмыг хэрэгжүүлэх хил хамгаалах, тагнуулын байгууллагыг;

4.1.11.“цахим нэг цонхны үйлчилгээ” гэж боомтын хяналтын байгууллага болон холбогдох бусад байгууллага цахим мэдээллийн нэгдсэн  сүлжээ ашиглан иргэдэд давхардалгүй, хялбаршуулсан үйлчилгээ үзүүлэх цогц арга хэмжээг;

4.1.12.“боомтын дэд бүтэц” гэж боомтоор зорчигч, бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх авто зам, төмөр зам, агаарын тээврийн дэд бүтэц, боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, боомтод  тавих аюулгүй байдлын шаардлагыг хангасан инженерийн дэд бүтцийг;

4.1.13.“худалдааг хөнгөвчлөх” гэж олон улсын худалдааны үйл явц буюу худалдагчаас худалдан авагчид бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, зураасан кодыг бүртгэх, төлбөр төлөхтэй холбоотой мэдээллийн урсгал, өгөгдөл, баримт бичгийг цөөлөх, хялбаршуулах, харилцан уялдуулах зэрэг үйл ажиллагааг;

4.1.14.“зураасан код” гэж аливаа бараа, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлох давхардахгүй дугаарыг.

            5 дугаар зүйл.Төрөөс боомтын талаар баримтлах зарчим

            5.1.Төрөөс боомтын талаар дараах зарчмыг баримтална:

                        5.1.1.үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний эрх ашгийг   дээдлэх;

                        5.1.2.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хамгаалах;

                        5.1.3.хууль дээдлэх, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

                        5.1.4.эдийн засгийн үр ашиг, бүс нутгийн хөгжлийн хэтийн төлөвийг харгалзах;

                        5.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих;

                        5.1.6.эрсдэлд суурилсан зохистой хяналтын тогтолцоог бүрдүүлэх, худалдааг хөнгөвчлөх.


ХОЁРДУГААР БҮЛЭГ
БООМТЫН ГАЗАР, БҮС

            6 дугаар зүйл.Боомтын газар

6.1.Боомтын бүсэд олгох тусгай хэрэгцээний газрын хэмжээ, хилийн заагийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

6.2.Боомтын хяналт шалгалтын бүсийн хэмжээ, хилийн заагийг Засгийн  газар тогтооно.

6.3.Энэ хуулийн 17.1-д заасан Боомтын үндэсний зөвлөлөөс баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд боомтын бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг энэ хуулийн 18.3-т заасан Боомтын захиргааны дарга шийдвэрлэнэ.

6.4.Энэ хуулийн 6.3-т заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа газрын хууль тогтоомжийн хэрэгжилтэд энэ хуулийн 16.1-д заасан Боомтын нэгдсэн захиргаа хяналт тавина.

       6.5.Боомтын бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон энэ хуульд нарийвчлан зааснаас бусад харилцааг Газрын тухай хууль[15] тогтоомжоор зохицуулна.

            7 дугаар зүйл.Боомтын бүс

            7.1.Боомтын бүс нь хяналт шалгалтын бүс болон боомтод ажиллаж байгаа төрийн байгууллагын албан хаагчийн амьдрах, ажиллах орчныг бүрдүүлэх, боомтын үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай дэд бүтэц, барилга байгууламж бүхий хэсгээс бүрдэнэ.

     7.2.Боомтын бүсийг хүн, мал, амьтан, ургамлын халдварт өвчин хил дамжин тархах, бусад онцгой нөхцөл үүссэн тохиолдолд хот, суурин газраас тусгаарлах боломжтойгоор тогтооно.

7.3.Хилийн боомтын бүс нутагт чөлөөт бүс байгуулж болох бөгөөд түүнтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.4.Чөлөөт бүсийн газар нь боомтын газар нутагт хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/


ГУРАВДУГААР БҮЛЭГ
БООМТЫН ТӨРӨЛ, ГОРИМ, ЗЭРЭГЛЭЛ, БООМТ НЭЭХ, ХААХ,

ШИНЭЭР БАЙГУУЛАХ, БООМТЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

8 дугаар зүйл.Боомтын төрөл, горим, зэрэглэл

8.1.Боомт нь агаарын замын, төмөр замын, авто замын гэсэн төрөлтэй, байнгын, түр гэсэн горимтой, олон улсын, хоёр талын гэсэн зэрэглэлтэй байна.

8.2.Боомтын төрөл, зэрэглэлийг Засгийн газар тогтооно.

9 дүгээр зүйл.Боомт нээх, хаах, шинээр байгуулах, боомтын                                        ажиллагааны горим тогтоох, түүнд өөрчлөлт оруулах

9.1.Боомт нээх, хаах, шинээр байгуулах, боомтын ажиллагааны горим тогтоох, түүнд өөрчлөлт оруулах асуудлыг энэ хуулийн 5.1-д заасан зарчмыг баримтлан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

9.2.Боомт нээх, хаах, шинээр байгуулах, боомтын ажиллагааны горим тогтоох, түүнд өөрчлөлт оруулах асуудлыг холбогдох улстай дипломат шугамаар урьдчилан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.

9.3.Боомт нээх, хаах, шинээр байгуулах, боомтын ажиллагааны горим тогтоох, түүнд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох байгууллагын төлөөлөл бүхий шинжээчийн баг ажиллуулж, үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөө, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, үр ашгийн талаар дүн шинжилгээ хийлгэнэ.

10 дугаар зүйл.Боомтын ажиллах цагийн хуваарь

10.1.Боомтын ажиллах цагийн хуваарийг хөрш оронтой байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үндэслэн энэ хуулийн 18.1-д заасан Боомтын захиргаа тогтооно.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БООМТЫН ДЭД БҮТЭЦ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

11 дүгээр зүйл.Боомтын дэд бүтэц, барилга байгууламж

11.1.Боомтын дэд бүтэц, барилга байгууламжийг Засгийн газраас баталсан боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж байгуулна.

11.2.Боомтын хяналт шалгалтын бүсэд хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюултай бараа бүтээгдэхүүнийг түр хадгалах тусгай зориулалтын агуулахтай байна.

11.3.Энэ хуулийн 11.2-т заасан тусгай зориулалтын агуулахын байршил, агуулахад хадгалах бараа бүтээгдэхүүний жагсаалт, хадгалалт, хамгаалалтын журмыг холбогдох хяналтын байгууллагын саналыг харгалзан Боомтын нэгдсэн захиргааны дарга батална.

11.4.Боомтын дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулахтай холбогдсон харилцааг Хот байгуулалтын тухай[16], Барилгын тухай[17], Авто замын тухай[18], Төмөр замын тээврийн тухай[19], Байгаль орчныг хамгаалах тухай хууль[20] болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

11.5.Боомтын хяналт шалгалтын бүс дэх дэд бүтэц, барилга байгууламж, хяналт шалгалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь төрийн өмч байна.

11.6.Боомтын хяналт шалгалтын бүс дэх дэд бүтэц, барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр, түүнчлэн концессын гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгээр байгуулж, хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болно.

11.7.Боомтын хяналт шалгалтын бүсээс бусад хэсгийн дэд бүтэц, барилга байгууламж нь хувийн хэвшлийн болон төр, хувийн хэвшлийн холимог хэлбэртэй байж болно.


ТАВДУГААР БҮЛЭГ
БООМТОД ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

                       

12 дугаар зүйл.Боомтод эрхлэх үйл ажиллагаа

12.1.Боомтын хяналт шалгалтын бүсэд боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу   үйл ажиллагаа явуулна.

12.2.Боомтын бүсэд энэ хуулийн 12.1-д зааснаас бусад хуулийн этгээд, иргэн Боомтын захиргаанаас зөвшөөрөл авч, тогтоосон цэгт үйл ажиллагаа явуулна.

12.3.Энэ хуулийн 12.2-т заасан зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох журмыг Боомтын нэгдсэн захиргааны дарга батална.

12.4.Боомтод үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хамгаална.

12.5.Хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 12.4-т  заасан этгээдээс албан татвар, төлбөр, хураамж авахыг хориглоно.


ЗУРГААДУГААР БҮЛЭГ
БООМТООР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ

13 дугаар зүйл.Боомтоор нэвтрүүлэх журам

13.1.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага нь зорчигчийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаас    олгосон хүчин төгөлдөр баримт бичгийг үндэслэн боомтоор нэвтрүүлж, хил нэвтрэх эрхийн баримт бичигт тэмдэглэл хийж, шаардлагатай бол зөрчилтэй баримт бичгийг хураан авч эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

13.2.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага нь боомтоор нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлж, нэгдсэн сан   байгуулна.

13.3.Эрх бүхий байгууллагаас зорчигчийг улсын хилээр үл нэвтрүүлэх, саатуулах талаар иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагад зохих журмын дагуу мэдэгдсэн тохиолдолд түүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй.

13.4.Зорчигч, тээврийн хэрэгсэл боомтод тогтоосон замаар нэвтрэх бөгөөд иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний болон гаалийн улсын байцаагчид шалгуулах үүрэгтэй.

13.5.Боомтын хяналтын байгууллагын хяналт шалгалтыг тухайн тээврийн хэрэгслийн хуваарьт хугацаанд багтаан дуусгах бөгөөд шаардлагатай тохиолдолд боомтын хяналтын байгууллага уг хуваарьт хугацааг холбогдох тээврийн байгууллагатай тохиролцон сунгаж болно.

14 дүгээр зүйл.Боомтоор нэвтрүүлэх үеийн хяналт шалгалт

14.1.Зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн  гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боомтоор нэвтрүүлэх үед боомтын хяналтын байгууллага хяналт шалгалт хийнэ.

14.2.Доор дурдсан боомтын хяналтын байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.2.1.иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага нь  улсын хил нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт явуулах, баримт бичгийг шалгаж, түүнд тэмдэглэл хийх, гадаадын иргэний виз, бүртгэлийг шалгах;

14.2.2.гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт явуулж, гаалийн бүрдүүлэлт хийх;

14.2.3.хорио цээрийн хяналтын байгууллага нь улсын хилээр нэвтрэх мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээр, стандартын хяналт шалгалт хийх.

14.3.Боомтын хяналт шалгалтын дарааллыг боомтын төрөл, зэрэглэлийг харгалзан Боомтын үндэсний зөвлөл энэ хуулийн 5.1-д заасан зарчмыг баримтлан тогтооно.


ДОЛООДУГААР БҮЛЭГ
БООМТЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

15 дугаар зүйл.Боомтын аюулгүй байдлыг хангах

15.1.Боомтын аюулгүй байдал, боомтод мөрдөх журмын хэрэгжилтийг хил хамгаалах байгууллага хариуцна.

15.2.Боомтод нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх, зорчигч, тээврийн хэрэгслийг барьцаалах, террорист халдлага гарах, гоц халдварт өвчин тархах зэрэг онцгой нөхцөл үүссэн үед боомтыг хил хамгаалах байгууллага хамгаалалтад авч, холбогдох байгууллагатай хамтран тусгай дэглэм тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулна.

15.3.Боомтын бүсэд жагсаал, цуглаан хийх, боомтын хөдөлгөөнийг хаах болон бусад арга, хэлбэрээр боомтын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахыг хориглоно.

15.4.Боомтын хяналт шалгалтын бүсэд гэрээт харуул, хамгаалалтын байгууллага үйл ажиллагаа явуулахыг хориглоно.


НАЙМДУГААР БҮЛЭГ
БООМТЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

16 дугаар зүйл.Боомтын нэгдсэн захиргаа

16.1.Боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг   хангах байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, ерөнхий зохицуулалтаар хангах үүрэг бүхий Боомтын нэгдсэн захиргаа нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд ажиллана.

16.2.Боомтын нэгдсэн захиргааны даргыг Боомтын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга томилж, чөлөөлнө.

16.3.Боомтын нэгдсэн захиргааны бүтэц, зохион байгуулалт, орон тооны  дээд хязгаарыг Засгийн газар батална.

16.4.Боомтын нэгдсэн захиргаа нь Боомтын үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.

16.5.Боомтын нэгдсэн захиргаа дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

16.5.1.боомтод мөрдөх нийтлэг журмыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ерөнхий  зохицуулалтаар хангах;

16.5.2.боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Боомтын  үндэсний зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

16.5.3.боомтод хийгдэх хөрөнгө оруулалтад захиалагчаар оролцох;

16.5.4.боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, холбогдох төслийн  дагуу барих, өргөтгөх үйл ажиллагаанд хяналт тавих;

16.5.5.боомтын хяналт шалгалт болон иргэдэд үзүүлэх үйлчилгээг  олон улсын жишиг, шаардлагад нийцүүлэн шуурхай, чирэгдэлгүй зохион  байгуулах, боловсронгуй болгоход шаардагдах эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалтын болон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;

16.5.6.энэ хуулийн 17.4.3-т заасан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах;

16.5.7.үйл ажиллагааны зорилго, чиг үүрэгт хамаарах асуудлаар Боомтын үндэсний зөвлөлд санал оруулж, шийдвэрлүүлэх;

16.5.8.боомтод үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн   этгээдээс гүйцэтгэсэн ажил, үйлчилгээтэй холбоотой статистик дүн, мэдээ, судалгааг үнэ төлбөргүй гаргуулан авах;

16.5.9.өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гадаад улсын ижил төрлийн байгууллагатай харилцаа тогтоож хамтран ажиллах;

16.5.10.төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлийг дэмжих замаар боомтын үйл ажиллагаанд үйлчилгээний дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлэх;

16.5.11.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

17 дугаар зүйл.Боомтын үндэсний зөвлөл

17.1.Боомтын үндэсний зөвлөл нь боомтыг хөгжүүлэх асуудлаар баримтлах бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд энэ хуулийн 17.2-т заасан байгууллагын хамтын ажиллагааг хангаж ажиллах үүрэг бүхий орон тооны бус байгууллага бөгөөд  ажлаа Засгийн газарт тайлагнана.

17.2.Боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн хууль зүйн, сангийн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллага, худалдаа аж үйлдвэрийн танхим, логистикийн холбооны төлөөллөөс бүрдэх бөгөөд Боомтын үндэсний зөвлөлийн дарга нь Засгийн газрын Хэрэг   эрхлэх газрын дарга байна.

/Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.3.Боомтын үндэсний зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.

17.4.Боомтын үндэсний зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.4.1.боомт нээх, хаах, шинээр байгуулах, өргөтгөх, боомтыг хөгжүүлэх, боомтын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талаар нэгдсэн бодлого боловсруулах;

17.4.2.боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллагын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, боомтын үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж гаргах;

17.4.3.боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлын талаар бодлого боловсруулах;

17.4.4.Боомтын захиргааны өмч, хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын талаар холбогдох зөвлөмж гаргах;

17.4.5.Боомтын нэгдсэн захиргаанаас боловсруулсан боомтыг хөгжүүлэх, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцэж  батлах;

17.4.6.боомтод мөрдөх нийтлэг журам батлах;

17.4.7.боомтын талаарх хууль тогтоомжийн биелэлт, гаргасан шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих;

17.4.8.боомтын хяналт шалгалтын дарааллыг тогтоох;

17.4.9.хэлэлцсэн асуудлаараа Засгийн газраас шийдвэр гаргуулах;                                   17.4.10.Боомтын нэгдсэн захиргааны дүрэм батлах;

17.4.11.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

17.5.Боомтын үндэсний зөвлөл хэлэлцсэн асуудлаараа шийдвэр, зөвлөмж, дүгнэлт гаргах бөгөөд Боомтын нэгдсэн захиргаа түүний хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлт, үр дүнг тогтоосон хугацаанд Боомтын үндэсний зөвлөлд тайлагнана.

17.6.Боомтын үндэсний зөвлөл шаардлагатай гэж үзвэл асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.

            18 дугаар зүйл.Боомтын захиргаа

18.1.Боомтод Боомтын захиргаа ажиллана.

18.2.Боомтын захиргааны дүрэм, бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг боомт тус бүрээр Боомтын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Боомтын нэгдсэн захиргааны дарга батална.

18.3.Боомтын захиргааны даргыг энэ хуулийн 19.1-д заасан Боомтын зөвлөлөөс санал болгосны дагуу Боомтын нэгдсэн захиргааны дарга томилж, чөлөөлнө.

18.4.Боомтын захиргаа дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

         18.4.1.тухайн боомт дахь боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллага, холбогдох бусад байгууллагын ажлын уялдаа холбоог хангаж, төрийн байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагаанд нь шаардлагатай дэмжлэг үзүүлэх;

18.4.2.төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэх, худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг тухайн боомтын хэмжээнд зохион байгуулах;

18.4.3.гадаад улсын ижил төрлийн байгууллагатай хууль тогтоомж, Боомтын нэгдсэн захиргаанаас өгсөн чиглэл, удирдамж, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар харилцаа тогтоож хамтран ажиллах;

18.4.4.боомтын бүсэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

18.4.5.Боомтын нэгдсэн захиргааны шийдвэр, Боомтын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

18.4.6.боомтын дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулах, засвар, үйлчилгээ хийх ажлыг хариуцан зохион байгуулах;

18.4.7.энэ хуулийн 17.4.6-д заасан журамд нийцүүлэн тухайн боомтод мөрдөх журам батлах;

18.4.8.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

18.5.Боомтын захиргаа нь боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллага, бусад төрийн хяналтын байгууллагын   хяналт шалгалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

19 дүгээр зүйл.Боомтын зөвлөл

19.1.Боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг  хангах байгууллага, тээврийн байгууллага, орон нутгийн болон тухайн боомтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон   Боомтын зөвлөл ажиллана.

19.2.Боомтын зөвлөлийн дарга нь Боомтын захиргааны дарга байна.

19.3.Боомтын зөвлөл нь тухайн боомтод мөрдөх журам, боомтын дэд бүтэц барих, гадаад улсын ижил төрлийн байгууллагатай харилцаа тогтоож хамтран ажиллах зэрэг асуудлаар Боомтын захиргааны дарга, боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллага, орон нутгийн удирдлагад зөвлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

20 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллага,

                                      Засаг даргатай харилцах

20.1.Боомтын захиргаа нь боомтын дэргэдэх суурьшлын бүсийг хөгжүүлэх асуудлаар нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргатай хамтран ажиллана.

20.2.Боомтын зөвлөл нь боомтын асуудлаар нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргад зөвлөмж өгч болно.


ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

21 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

21.1.Боомтын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн шинж байдлыг харгалзан эрх бүхий улсын байцаагч дараах хариуцлага хүлээлгэнэ:

21.1.1.энэ хуулийн 11.3-т заасан журмыг зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоогоос арван дөрөв дахин  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах;

21.1.2.энэ хуулийн 12.3-т заасан журмыг зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

21.1.3.энэ хуулийн 17.4.6, 18.4.7-д заасан журмыг зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

            21.2.Боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж дэд бүтэц, барилга байгууламж барьсан бол шүүхийн шийдвэрээр уг гэм буруутай этгээдийн зардлаар дэд бүтэц, барилга байгууламжийг албадан нурааж, гэм буруутай этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуун зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

21.3.Энэ хуулийн 11.3-т заасан журмыг зөрчиж тусгай зориулалтын  агуулахыг зорчигч, хүн амын нягтрал ихтэй газар барьсан бол уг агуулахыг  шүүхийн шийдвэрээр гэм буруутай этгээдийн зардлаар албадан нурааж, гэм буруутай этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс   нэг зуун зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

21.4.Энэ хуулийг зөрчсөний улмаас учирсан хохирлыг холбогдох хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

            21.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

21.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

22 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

22.1.Энэ хуулийг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД

[1]Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2]Монгол Улсын хилийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1993 оны 45 дугаарт нийтлэгдсэн.

[3] Гаалийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2008 оны 23 дугаарт нийтлэгдсэн.

[4]Төрийн хяналт шалгалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2003 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

[5]Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2008 оны 23 дугаарт нийтлэгдсэн.

[6]Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн  хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 46 дугаарт нийтлэгдсэн.

[7]Хүнсний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

[8]Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

[9] Ариун цэврийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1998 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

[10]Эрүүл мэндийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 21 дугаарт нийтлэгдсэн.

[11]Ургамал хамгааллын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2007 оны 44 дугаарт нийтлэгдсэн.

[12]Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2006 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

[13]Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2001 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

[14]Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 32 дугаарт нийтлэгдсэн.

[15]Газрын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

[16]Хот байгуулалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2008 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

[17]Барилгын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2008 оны 19 дугаарт нийтлэгдсэн.

[18]Авто замын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1998 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

[19]Төмөр замын тээврийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2007 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

[20]Байгаль орчныг хамгаалах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1995 оны 5-6 дугаарт нийтлэгдсэн.