Home / “МОНГОЛ ТЭМЭЭ-999” АРГА ХЭМЖЭЭ

“МОНГОЛ ТЭМЭЭ-999” АРГА ХЭМЖЭЭ

1997 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд анх зохион байгуулагдсан Түмэн тэмээний баяр арга хэмжээ өргөжсөөр Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн ууган, хамгийн том эвентийн нэг болж 2016 онд “Алтан луужин” шагналыг хүртсэн.

Энэ жилийн “Тэмээний баяр 2016” өвлийн наадмын үйл ажиллагааг өргөтгөн Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоол гаргаж, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлд суулган, Засаг Даргын Тамгын Газар дэмжин Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох арга хэмжээг 2016 оны 3 дугаар сарын 6,7-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өргөн дэлгэр зохион байгуулалт сайтайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.

Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох “Монгол тэмээ- 999” арга хэмжээний нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Ц.Бурмаа, Шадар сайд Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Б.Бадраа болон тэмээг өсгөн үржүүлэх, хайрлан хамгаалахад гар бие оролцож яваа, улс, аймгийн сайн малчид оролцлоо.

Сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа хоёр бөхт тэмээгээ өсгөн үржүүлэхэд чиглэсэн олон хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүний үр дүнд Өмнөговь аймгийн тэмээн сүрэг улсдаа тэргүүлж 118 мянгад хүрсэн юм.

Энэ арга хэмжээнд Тэмээтэй парад жагсаал, Сайхан тэмээ, Сайхан тэмээтэй хос, Тэмээтэй буухиа, шилмэл буур, ингэ шалгаруулах, хурдан тэмээний уралдаан гэсэн арга хэмжээг зохион байгууллаа. “Монгол тэмээ-999” арга хэмжээнд 11 аймгийн 1600 орчим тэмээ цугларсан байна.

Тэмээтэй парад жагсаалд 6 аймгийн 550 орчим тэмээ жагсаж бүр хүчийг үзүүлэн гайхууллаа.

Тэнэгэр говийн тэмээчин залуучуудын ур чадвар, говийн бүсгүйчүүдийн урлан шаглаж хийсэн үндэсний хувцас, Монголчуудын эд эдлэгээ, уламжлалт тоног хэрэгслээр тэмээгээ болон өөрсдийгөө гоён оролцдог тэмцээн “Сайхан тэмээтэй, сайхан хос” юм.  Энэ уралдаанд 4 аймгийн 58 хос оролцсноос Тэргүүн байранд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Нэргүйбаатар, н.Отгонцэцэг, Дэд байранд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Мөнхбаатар, н. Будцэнд, Гутгаар байранд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Батсүрэн, Шинэтуяа нарын хосууд наадамчин олон болон шүүгчдийн анхаарлыг татан гадаад болон дотоодын жуулчид, зурагчид, сэтгүүлчдийн зургийн цомгонд мөнхрөн үлдлээ.

Говь нутгийн нэрийн хуудас болсон тэнгэрийн амьтан тэмээгээрээ нуудлийн соёл иргэншлийг харуулж, тэмээг хэрхэн сургаж, тэмээний түүхий эдээр юу хийж ахуй амьдралдаа хэрэглэж, тэмээтэйгээ хэрхэн зохицон амьдардаг, зан үйлийг харуулсан “Тэмээтэй буухиа” тэмцээн юм. Энэхүү тэмцээнд Өмнөговь аймгаас 19 баг оролцож, ур чадвар, арга барил, туршлага, хурд хүчээрээ бусдаасаа илүүрхэж тэргүүн байранд Ханхонгор сумын “Базархайрхан” баг, Дэд байранд Булган сумын “Хөсөгтөн” баг, Гутгаар байранд Ханбогд сумын баг тус тус шалгарлаа.

“Монгол тэмээ-999” дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох хурдан тэмээний уралдаан арга хэмжээнд албан ёсны тоогоор 1115 тэмээ гараанаас гарснаас замд зарим нэг тэмээ үлдснийг тооцож тоолоод 1108 тэмээ байранд орсон юм. 1108 хурдан тэмээнээс Өмнөговь аймгийн Хүрмэн сумын малчин Б.Баянжаргалын улаан зүсмийн тэмээг унасан Ш.Хишигбаяр 35 минут 12 секунд хурдалж Тэргүүн байр, Мөн Хүрмэн сумын Б.Түмэнбаярын хонгор зүсмийн тэмээг Т.Жаргалсайхан унаж 35 минут 26 секунд хурдлуулж дэд байранд, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын С.Эрдэнэначингийн хүрэн тэмээг Б.Дэлгэрмаа унаж 35 минут 52 секундэнд гутгаар байранд, Мөн Цогт-овоо сумын Д.Алдарсайханы ногоо тэмээг У.Оргил-Эрдэнэ унаж 35 минут 59 секундэнд 4 дүгээр байр, Хүрмэн сумын Т.Дашнамжилын хөх халзан тэмээг Д.Амартүвшин унаж 36 минут 28 секундэнд 5 байрыг тус тус эзэллээ. Хамгийн сүүлийн тэмээ 1 цаг 10 минутын дараа байранд орлоо.

Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоохын тулд эмх замбараатай байх ёстой шаардлагыг бүгд дагаж, тэмээ гарааны зурхайн дээрээс яг нэг эгнээ, бүгд зурхайн ард зогсож зохион байгуулалтай байлаа.

Мөн говийн нутгийн эрдэнэ болсон тэмээдээс шилмэл буур, ингэ шалгаруулсан. Шалгаруултанд 4 аймгийн 12 сумдын тэмээд оролцсон.

37 шилмэл буураас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ц.Дэлгэрсайханы Галбын говийн Улаан үйлдэрийн 8 настай Хүрэн буур 1 дүгээр байр, мөн аймгийн Мандал-овоо сумын Ц.Цогбаярын Ханын хэцийн Хүрэн үйлдэрийн 7 настай хүрэн буур 2 дугаар байр, Даланзадгад сумын А.Батдоржийн 5 настай хүрэн тайлаг 3 байрыг эзэллээ.

33 шилмэл ингэнээс Өмнөговь аймгийн Ханхонгор сумын С.Батчулууны 11 настай Улаан ингэ 1 дүгээр байр, Даланзадгад сумын В.Мөнхбатын 6 настай хүрэн ингэ 2 дугаар байр, Цогт-овоо сумын Д.Алдарсайханы 8 настай бор ингэ 3 байранд тус тус шалгарлаа.

Хятад Улсын Өөвөрмонголын Альша мужид тогтоосон 555 тэмээний Дэлхийн дээд амжилтыг эвдэж Говьчуудын, Монголчуудын хүсэн хүлээсэн шийдвэр гарч “Монгол тэмээ-999” хөтөлбөрийн хүрээнд 1108 тэмээгээр шинэчлэн тогтоож Батламжийг албан ёсоор гардан авсан сайхан үйл явдал боллоо.